Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын холимог комиссын IV хуралдаан болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо болов.
Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, италийн талаас Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Мариа Триподи нар тэргүүлэв. Хуралдааны үеэр олон зууны эртний түүхэн харилцаат Монгол, Италийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Мөн худалдаа, эдийн засаг, зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, технологи, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, цаашид харилцан ашиг сонирхол бүхий салбаруудад хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар харилцааг тэлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтуудын талаар танилцуулж, амжилттай хэрэгжүүлэхэд Итали Улстай үр дүнтэй хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв. Түүнчлэн энэ онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтан байгуулсан “Агаарын харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр нь иргэд хоорондын солилцоог бэхжүүлэх, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх болон бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг чухал ач холбогдолтойг тэмдэглэж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.
Монгол Улс Бүгд
Найрамдах Итали Улстай 1970 оны зургаадугаар сарын 29-нд дипломат харилцаа
тогтоосон бөгөөд Итали Улс нь Европын Холбоон дахь худалдааны чухал түнш
юм гэж ГХЯ-наас мэдээллээ.