Наурыз-Нарны баяр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-22 11:06:02

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нарны баяр-Наурызын баяр өнөөдөр тохиож байна.


Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн түүчээлж ирсэн Монголын ард түмэн казахуудын эл өдрийг 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосон хийгээд алтан нараа шүтэж, дээдэлж ирсний баяр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг. Өдөр шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч юм.


Наурыз баяр нь үгийн гарал үүсэл, утга санааны хувьд эртний перс хэлний “ноу” “нов” “нав” гэсэн авиа сэлгэх хувилбартай, “шинэ” “руз” (рыз) “өдөр” гэсэн хоёр үгний нийлбэрээс үүссэн “Наурыз” буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай. Эл баярыг нийтийн он тооллын өмнөх 4-7 дугаар зууны үед эртний Перс оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш эл баярыг одоогийн Дундад Ази, Ойрх Дорнодын олон арван ард түмэн уламжлан авч ёс жаягаар нь, өөр өөрийнхөө ахуй амьдрал, аж ахуй, ёс заншилтай холбогдуулан өргөн тэмдэглэж иржээ.



Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар 3 дугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2010 оны 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 400 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. 


Казах түмэн энэ баярыг 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад тэмдэглэж эхэлжээ.


Манай улсын хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 76.3 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг.



Холбоотой мэдээ