Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-03-22 11:17:31

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан казах түмэндээ Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Мэндчилгээнд “Наран наашлах энх улирлын эхлэл болсон “Наурыз”-ын баяр нь улирах жилийн өгөөжөө хэлэлцэж, угтах жилийнхээ өнгийг тодотгож, хүний амьдралын нэгэн оны баяр жаргалаа хуваалцдаг казах түмний эртний уламжлалтай сайхан баяр мөн. Казах иргэд маань Үндсэн хуулийн эрхээ эдлэн эх орныхоо бүхий л салбарын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэний үүргээ эх орончоор биелүүлж байдагт талархаж буйгаа баярын энэ өдөр та бүхэнд илэрхийлье.


Монголын Казах иргэдийн зонхилох олонх буюу 76.3 хувь нь амьдран суудаг Баян-Өлгий аймагт УИХ-аас энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 16 төсөл, үйл ажиллагааг төлөвлөн, түүнд зориулж 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталсан. Мөн гадаадын зээл, тусламжаар 10 төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж, боомтын шинэчлэл, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, ногоон хөгжлийн бүтээн байгуулалтыг цаг хугацаатай уралдан гүйцэтгэж, баруун бүс, аймаг орон нутагтаа Шинэ сэргэлтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэн сайн сайхан амьдрах орчин нөхцөлөө бүтээхийг Баян-Өлгийн иргэддээ хандан уриалъя. Ирэх жилийн Наурызын баярыг их бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн бахархам амжилтаар угтахын ерөөл өргөе” гэжээ.

Холбоотой мэдээ