Үнэт цаасны зах зээлийн арилжаа 11 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний 2 сард 108 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10.7 (11 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Үнэт цаасны гүйлгээний 21.9 (23.7 тэрбум төгрөг) хувь нь анхдагч, 78.1 (84.3 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны гүйлгээний 36.4 хувийг компанийн бонд, 34.5 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 28.5 хувийг компанийн хувьцаа, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэлж байв. Үнэт цаасны гүйлгээ өнгөрсөн сард 35.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.3 (35.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх сарынхаас 36.5 (50.5 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.
Арилжсан үнэт цаас энэ оны эхний 2 сард 215.7 сая ширхэг
болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (1.1 хувь) сая ширхгээр багасав. Нийт арилжсан
үнэт цаасны 0.1 (140 мянган ширхэг) хувь нь анхдагч, 99.9 (215.6 сая ширхэг)
хувь нь хоёрдогч зах зээлд арилжигджээ. Арилжсан үнэт цаас энэ оны 2 дугаар
сард 148.2 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 27.8 (15.8 хувь) сая
ширхгээр багасаж, өмнөх сарынхаас 80.8 (2.2 дахин) сая ширхгээр нэмэгдсэнийг
Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
ТОП-20 дундаж индекс өнгөрсөн сард 52617.7 нэгж болж, өмнөх
оны мөн үеийнхээс 9082.4, өмнөх сарынхаас 856.5 нэгжээр нэмэгдлээ. Хөрөнгийн зах
зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн
үнэлгээ энэ оны 2 дугаар сард 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (14.7 хувь) их наяд, өмнөх сарынхаас
174.7 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Зах зээлийн нийт үнэлгээний 99.8 (13.4
их наяд төгрөг) хувийг Монголын хөрөнгийн бирж, 0.2 (20.9 тэрбум төгрөг) хувийг Улаанбаатар
хөрөнгийн бирж тус тус эзэлжээ.