ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 5 тэрбум төгрөгийн зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг олон талт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж орон нутгийн иргэд, ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Орон
нутгийн төсвийн хөрөнгөөр ЖДҮ эрхлэгч нарт 5 хүртэлх жилийн хугацаатай, жилийн
3 хувийн хүүтэй, эхний 12 хүртэл сар үндсэн зээлээс хөнгөлөгдөх боломжтой
зээлийг олгодог.
Тодруулбал,
Өмнөговь аймаг хөнгөлөлттэй зээлд 2022 онд 5 тэрбум, 2023 онд 4 тэрбум, 2024
онд 1 тэрбум төгрөгөөр 87 аж ахуй нэгжийг санхүүжүүлэн бизнесээ эхлүүлэх,
өргөжүүлэх боломжийг олгож, шинээр 480 ажлын байрыг нэмэгдүүлсэн бол 176 ажлын
байрыг хадгалах боломжоор хангажээ.
Харин 2025 онд 5 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд олгохоор төлөвлөжээ.
Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Өмнөговь- Өсөлттэй жижиг дунд үйлдвэрлэл” үйл ажиллагааг гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, төсөлд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх, төсөл боловсруулах, бизнесээ хэрхэн зөв удирдах, хөгжүүлэх зэрэг олон талт мэдээллийг багтаасан цогц үйлчилгээг хүргэлээ.
Үйл ажиллагаанд 300 гаруй иргэн хамрагдсан бөгөөд ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газрын ТЗУХ-ын дарга Б.Цэнд, “Экспорт, олон улсын худалдааны төв” ТББ менежер А.Эрдэнэжаргал, "Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Амармэнд, бизнес зөвлөх Б.Мөнгөнбагана, Ё.Энх-Амгалан, Ө.Уянга нар оролцож мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр өмнөх жилийн төсөл хөтөлбөрт хамрагдаж үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцууллаа.
Иргэдэд
нийтлэг тохиолддог асуудал бол төслөө боловсруулж, бизнесийн тооцооллоо зөв
тодорхой хийж чаддаггүй, мөн мэдлэг мэдээлэл дутуугаас үүдэн төсөлд хамрагдаж
чадахгүй байдал юм.
Тиймээс иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, гарын авлага, төслийн загварыг зөөврийн дискэнд байршуулан өгч байгаа нь иргэдэд хүрсэн үр дүнтэй ажил болж байна.