БУЛГАН: Ж.Гүррагчаа Ардын армийн ахмад цолтой байхдаа сансарт нисжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ардын армийн ахмад цолтой Булган нутгийн хүү Ж.Гүррагчаа 1981 оны 3 дугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт "Союз-39" хөлгөөр сансарт хөөрсөн юм.
В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа 3 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан түүхэн өдөр юм.
Монгол Улс болон ЗXУ-ын баатар, Төрийн дээд, тэргүүн зэргийн Чингис хаан одонт Жүгдэрдэмидийн Гүррагчаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм.
Ж.Гүррагчаагийн ард түмнээ төлөөлөн хөлгүй сансрын орон зайд эх орныхоо нэрийг, мөрийг гаргасан гайхамшигт үйл явдал нь Монголын түүxэнд чуxал ач xолбогдолтой үйл xэрэг болсон юм.
Ж.Гүррагчаа нь 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 1966 онд Булган аймгийн Нэгдүгээр сургуулийг төгсөж, ХААДС-д элсэн суралцсан. Тэндээсээ ардын армид алба хааж, 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радио электрон төхөөрөмжийн механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ.
1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үедээ ардын армийн ахмад цолтой байсан.
Тэрээр сансарт ниссэнийхээ дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолоор шагнагдсан. Монгол хүн сансарт ниссэн 40 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал болох Чингис хаан одонгоор шагнуулсан байна.
Монгол Улсын гавьяа, шагнал, цол: Монгол Улсын баатар, Сүхбаатарын одон, Чингис хаан одон, Хошууч, генерал
Гадаад орны гавьяа, шагнал: Зөвлөлт Холбоот Улсын баатар, Лениний одон, Александр Невскийн одон хүртсэн байна.
Эрхэлж байсан ажил нь МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, Улсын Батлан хамгаалах туслах
нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, МЗНН, Хамтын нөхөрлөл тусгаар тогтносон
улсуудтай найрамдах Монгол нийгэмлэгүүдийн холбооны дарга, Монгол Улсын Батлан
хамгаалахын сайд, Монгол Улсын Их хурлын гишүүн зэрэг ажил албыг хашиж байв.
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн эд өлгийн зүйлс Булган аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж байна.
Мөн Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн музейд сансрын баатрын багадаа өмсөж байсан баривч, сурагч насны хичээлийн дэвтэр нь хадгалагдаж байна.