СЭЛЭНГЭ: Ойжуулалтын ажил олон улсад сайн жишээ болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-23 11:19:56

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Улаан номд орсон, нэн ховор жодоо модоор ойжуулалт хийж, Тужийн нарсаа сэргээсэн, хушин ойгоо ойжуулсан, мөн нэн ховор болон ховордсон мод тарьж, ургуулсан зэрэг ажил нь олон улсад сайн жишээ болжээ.

 

Үүний тод жишээ нь Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэд ирэхдээ маш сайхан ургаж байгаатай газар дээр нь очиж танилцсанаар үнэлэгджээ.

 

Ингэж сайн ургах шалтгаан нь Бугантын газар нутгаас үрээ түүгээд тэнд нь буцаагаад тарьсантай холбоотой бөгөөд Бугантаас авсан үр маш сайн ургадаг болох нь тогтоогдсон хэмээн Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа ярьсан юм.

 

Мөн тэрбээр 5 төрлийн шилмүүст мод ганцхан Сэлэнгэ аймагт ургадаг. Тэр утгаараа бид бүгдийг нь тарих ёстой гэв.

 

Өнгөрсөн жилийн тухайд ховор болон нэн ховор моднуудынхаа талбайг нь тусгаарлаад үрээ түүх ажлыг хийжээ.

 

Ингэхдээ үрээ хаанаас түүх вэ гэхгүйгээр тодорхой хэмжээний талбайг тусгаарлаад, тэндээсээ сор элит моднуудаа сонгоод үрээ түүсэн байна. Ингэж түүсэн үрээ мод үржүүлгийн газруудад тариад, тарьсан модоо ууландаа буцааж тарьсан байна.

 

Жодоо нь маш гоё, ойн чимэг болсон шилмүүст мод юм. Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугантын хөвч тайгад элбэг ургадаг байна. Жодоо модны ойн агаар элдэв нянгүй болон цэвэршсэн байдаг тул гадаад орнуудад тийм ойтой газар амралт сувиллын газрууд байгуулдаг ажээ.

 

Энэ ч утгаараа Сэлэнгэ аймаг ховор төрлийн модоо тарьж эхэлсэн ганц аймаг болж байгаа юм.

 

Сэлэнгэ аймгийн газар нутгийн 46.7 хувь нь ойн сан байдаг бөгөөд Хөвсгөл аймгийн дараа 2 дугаарт ордог.


Холбоотой мэдээ