АРХАНГАЙ: Орон нутагт цаг уурын мэргэжил дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган,
2025 оны гуравдугаар сарын 23
/МОНЦАМЭ/. Дэлхийн цаг уурын өдрийг
угтан Архангай аймгийн УЦУОШТ-өөс 12 дугаар ангийн сурагчдыг хамруулан “Миний
мэргэжил сайхан” уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ.
Уулзалтын зорилго нь ирээдүйн боловсон
хүчин цаг уурын мэргэжилтэн бэлтгэх, тэдний хүсэл сонирхлыг сонсох байлаа.
Сурагчид цаг уурч мэргэжлийг ихэд сонирхсон
ба тус мэргэжлийг сонгоход ямар хичээлээр элсэлтийн шалгалт өгдөг, мэргэжил
эзэмшлээ гэхэд цалин, нийгмийн баталгаа ямар байдаг, агаар, хөрс, усны
шинжилгээг лабораторид хэрхэн хийдэг талаар түлхүү сонирхон асуусан байна.
Энэ салбарт мэргэжлээрээ төгссөн боловсон
хүчин ирэхгүй, нөгөө талдаа энэ мэргэжлийг сонгон суралцах нь эрс багассан
байгаа юм. Иймд сум, орон нутагт ажиллах ажилтнаа мэргэшил олгох сургалтуудад
хамруулж, дадлагажуулан ажиллуулдаг байна.
Монгол Улсын хэмжээнд МУИС болон Дархан-Уул
аймаг дахь ХААИС цаг уурын мэргэжилтэнг бэлтгэдэг ба сүүлийн жилүүдэд энэ
мэргэжлийг сонгон суралцах нь маш ховор болжээ. Тиймдээ ч орон нутагт
мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай.
Аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төв нь нийт 70-аад ажилтантай бөгөөд үүний 81.4 хувь нь мэргэжлийн
бус. Тэд цаг уурын курс, сургалтад хамрагдаж, мэргэшсэн байдаг байна. Байгууллагын
хэмжээнд ажилтнуудыг боловсролоор нь харвал магистр 5, бакалаврын зэрэгтэй 43,
техникийн мэргэжилтэй 8, бүрэн дунд боловсролтой 11, суурь боловсролтой 2
байгаа юм. Хүйсээр нь харвал 20.4 хувь нь эрэгтэй, 79.6 нь эмэгтэй байна.