СЭЛЭНГЭ: Төвлөрлийг сааруулж, эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-23 14:00:00

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын А/14 тоот тушаалыг үндэслэн хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээнд үнэлгээ хийх баг Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллалаа.

 

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах, лавлагаа шатлалын эмнэлэгт хийгдэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт нутагшуулах" зорилготой 3 чиглэл бүхий 21 ажил, арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газар бодлого болгон боловсруулан ажиллаж байгаа юм.

 

Үүний дагуу гурав дахь шатлалын эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн эмч, мэргэжилтнүүдийн баг ажиллав.

 

Багийнхан аймагт ажиллахдаа “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээнд үнэлгээ хийх”, “Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн менежмент” сэдвээр аймаг, сумын Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн эмч нарт онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

 

Сэлэнгэ аймаг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-тэй хамтарч ажилласнаар орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах, эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх.

 

Цаашлаад гэмтлийн дараах хүндрэл, нас баралтыг бууруулж өвчтөний амьдралын чанарыг уртасгах мөн салбар дундын хамтын ажиллагааг дээшлүүлж, эерэг үр нөлөө бий болгох сайн талтай хэмээн үзэж байгаа юм.

 

Цаашид аймгийн Эрүүл мэндийн газраас “Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах” бодлого шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг улсын томоохон эмнэлгүүдтэй хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр хамтын ажиллагааны гэрээ байгуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Дээрх багийнхан сургалтаар хязгаарласангүй аймгийн ЭМГ, аймгийн НЭ-ийн удирдлагын багтай уулзаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хагалгааны нэгдсэн блокоор орж хүний нөөц, тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж хэрхэн сайжруулах талаар зөвлөлдсөн байна.

 

Холбоотой мэдээ