ХӨВСГӨЛ: Алаг-Эрдэнэ сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-24 13:10:08

Мөрөн, 2025 оны  гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан уул гэдэг газар өнөөдөр  12 цаг 31 минутад 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөлтийн чичирхийлэл Хатгал, Мөрөн, Алаг-Эрдэнэ сумын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учирсан эсэх талаар Хөвсгөл аймгийн ОБГ-аас тодруулж байна гэв.  


Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 62 км-т, Улаанбаатар хотоос 733 км-т болсон байна.


Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн 5 дахь удаагийн тохиолдол бүртгэгдэж байна.


Харин өнгөрсөн онд нийт 18 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл аймгийн нутаг болон хил орчимд бүртгэгдсэн гэж  Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.


Тус аймгийн Ханх сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.


Тус газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар 8 баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.


Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.


Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.
Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.
Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.


Холбоотой мэдээ