ДУНДГОВЬ: Баруун сумдын нутгаар шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас эхэлсэн шуурга Эрдэнэдалай сумаар дайрч, баруун сумдын нутгийг хамран үргэлжилж байна. Өнөөдөр 13 цагийн орчимд Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд салхи баруун хойноос секундэд 15-20 метр, зарим үед 22-24 метр хүрч, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.
Дундговь аймгийн УЦУОШТ-ийн мэдээлснээр өнөөдөр тус аймгийн нутгийн баруун хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх ба нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, маргааш нийт нутгаар, ялангуяа нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 28 м, зарим үед 34 м хүрч, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна.
Тиймээс хол замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол сонсож, бусдад түгээхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байна.