Б.Соронзонбаатар: Орон сууцны өрхүүдэд усны даралт хүрэлцэхгүй асуудал тулгарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-24 14:16:10

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд барилга байгууламж олноор нэмэгдэж, тэр хэрээр цэвэр усны хангамж, хэрэглээний цэвэр ус, хэрэглэсэн ус зайлуулах байгууламжийн хэрэгцээ хүрээгээ тэлж байна. Ус түгээлтийн өнөөгийн байдлын талаар "Чандмань Баянхонгор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Соронзонбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-"Чандмань Баянхонгор" ХХК өнөөдрийн байдлаар хэчнээн албан газар, өрхөд хүрч үйлчилж байна вэ?
-Иргэдээ цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хангах чухал үүргийг орон нутагтаа “Чандмань Баянхонгор” ХХК хариуцан ажиллаж байна. Манайх өдөртөө 2500-3000 м.куб усыг олборлож хэрэглээний усыг аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрийн газрууд, сургууль, цэцэрлэг зэрэг төсөвт газруудад, орон сууц болон гэр хорооллын өрхөд хуваарилж байгаа.

Тодруулбал, орон сууцны 3000 орчим өрхөд цэвэр ус, гэр хорооллын өрхүүдэд 50 орчим худгаар ундны усаар хангаж, 250 орчим албан байгууллагыг цэвэр усаар хангах, бохир усны ариутгах татуургын үйлчилгээг хүргэж байна.


-Гэр хорооллын бүх худаг ухаалаг систем нэвтрүүлсэн үү?
-Манай бүх худаг ухаалаг. Хэдийд ч очсон картаа уншуулаад усаа авчихдаг болсон нь хүндрэл чирэгдэл багассан, оновчтой ажил болсон. 


-Ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил үйлчилгээгээ танилцуулна уу?

-Аймгийн төвийн Рашаант 10 дугаар багийн хэрэглэгчдийн усны даралтыг сайжруулахаар насос станцын зураг төсвийг хийлгэсэн, энэ жилийн хувьд тендер зарлаад хийнэ. Эх үүсвэрийн усан хангамжийг бүрэн автомат явуулахаар төлөвлөн ажиллаж байна. 2025 оны техникийн нөхцөл авч буй албан байгууллага ААН, өрхүүдэд усны ухаалаг тоолуурыг нэвтрүүлэн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Мөн энэ жилийн хувьд бохир усыг татан зайлуулах хоолойны угаалгын ажлыг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр бохир бөглөрөх, хөлдөх асуудлуудын эрсдэл багасна.


-Цаашид төлөвлөсөн ямар томоохон ажил байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд орон сууцны барилга ихээр барьж байгаатай холбоотой орон сууцны өрхөд усны даралт хүрэлцэхгүй асуудал тулгарч байна. Мөн ундны усны эх үүсвэрийн үерийн далан байхгүй учир бороо ус элбэгтэй жил ундны усны эх үүсвэр лүү үер орох маш том эсрдэл бий. Түүнээс гадна ундны эх үүсвэрийн худгийн нөөц хүрэлцээ муутай байгаа ундны эх үүсвэрийн худаг шинээр гаргах хэрэгцээ байна. Төвийн уурын зуухны салбар сүлжээ шугам хүчин чадлын хувьд бага учир шугам сүлжээний өргөтгөл засвар хийх шаардлага байна. Энэ дээр нь газар зохион байгуулалтын хувьд асуудал ихтэй төв зах дотор чингэлгүүд, бетонжсон газрууд, засмал зам их байгаатай холбоотойгоор шугам сүлжээний өргөтгөл хийхэд хүндрэл учирч байна. Манай салбарын ажилтнуудын цалин улсын дунджаас бага, аймгийн төрийн албан хаагчдын цалингаас доогуур байгаа нь орлогоо нэмэгдүүлэх, олон нийтэд хэрэглээний усны үнэ цэнийг ойлгуулах, мэдрүүлэх шаардлагатай байна.


-Усны зүй зохистой хэрэглээнд хэрэглэгчдийн хандлага ямар түвшинд байна вэ?
-Усны зүй зохистой хэрэглээнд нөлөөллийн ажлыг тогтмол хийж байгаа. Календарчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хамгийн идэвхтэй үе нь гурван сард тохиодог. Жил болгоны гуравдугаар сарын 22-нд болдог Дэлхийн усны өдрийг угтан усны зөв хэрэглээний талаар таниулга сурталчилгаа, нөлөөллийн ажлыг идэвхжүүлдэг.

Холбоотой мэдээ