ЗАВХАН: Хөрс бохирдуулагч нүхэн жорлонгоос татгалзах ажлыг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймаг нүхэн жорлонгоос
татгалзах, бохир усны нэгдсэн сүлжээнд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг холбох
ажлыг эрчимтэй хийж эхэлжээ.
Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.11-д “нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах, шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх”-ээр заасан байдаг. Энэ хуулийн заалтын хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй ажиллахыг зорьж байна.
Тиймээс
Завхан аймаг хөрс
бохирдуулагч нүхэн жорлонгийн тооллогыг хийж мэдээллийн сан үүсгэн, нүхэн жорлонг багасгах талаар тодорхой
ажлыг хийж буй юм. Жил бүрийн судалгаанд үндэслэн “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага. MNS 5924: 2015” стандартын шаардлагад нийцсэн жорлонг суурилуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлаар батлуулж хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.
Завхан аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа нүхэн жорлонгийн тооллого бүрэн хийгдээгүй. Гэсэн хэдий ч сумдад нэгдсэн тооллого хийх ажлыг өнгөрсөн оноос эхлэн хийж байна.
Аймгийн төв, Улиастай сумын 6 багийн гэр хороололд нийт 4600 өрх нүхэн жорлон ашиглаж байна.
Өнөөдрийн
байдлаар аймгийн 24 сумаас Улиастай, Тосонцэнгэл, Отгон Алдархаан сум бохир усны нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид холбогдсон. Аймгийн төв, Улиастай сумын 6 багийн өрхүүдийн нэгдсэн бохир усны шугамд холбох ажлын зургийг 2024 онд хийсэн.
Улиастай сумын төвийн хоёр голын дунд оршдог Богдын гол багийн бор дүнзэн байрны хэсэгт 500 м гадна бохир усны шугам хийж, 74 айл бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдох боломжтой болсон байна. Мөн өнгөрсөн онд Улиастай сумын Жинст багт 25 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон юм.
Нүхэн жорлонгоос татгалзах, хөрсний бохирдлыг багасгах зорилгоор бохир усны нэгдсэн сүлжээний ажлуудыг шат дараатай хийж байгаа юм. Тухайлбал 2022 онд эхэлсэн ариун цэврийн байгууламжийн төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар 13 сумын 43 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг буулгаж, ариун цэврийн байгууламжтай болсон юм. Төслийн гуравдугаар ээлжийн хөрөнгө оруулалтаар Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай, Идэр, Нөмрөг, Цагаанчулуут, Шилүүстэй сум хамрагдаж ариун цэврийн байгууламж, бохир усны нэгдсэн сүлжээний зураг төслийн ажлыг "Ноёдын туур" ХХК хийж хүлээлгэн өгчээ.
Завханмандал, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Улиастай сумын ариун цэврийн байгууламж, бохир усны нэгдсэн сүлжээний зураг төслийг "Хидро инженеринг" ХХК тус тус гүйцэтгэсэн. Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар Завхан аймгийн бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрнууд стандарт шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болно гэж Завхан аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.
Ташрамд, Засгийн
газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр
100-гаас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн
ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.
Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэхээр болсон юм.
2022-2023 онд хийсэн сумын сургуулийн дотуур байрын ариун цэврийн байгууламж