ТӨВ: Хүмүүн цогцолбор сургуулийн дотуур байрыг шинээр барих нэн шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хүмүүн цогцолбор сургууль нь аймгийн хэмжээний хамгийн том сургууль бөгөөд 2 дотуур байранд 10 сумын 153 хүүхэд амьдарч байна. Гэвч тус байрны барилгын насжилт хуучирч шинэ байр нэн шаардлагатай байгаа юм.
Хүмүүн цогцолбор сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн тэргүүн Г.Тэмүүжингээс тодруулахад, "Тус сургуулийн 2 дотуур байранд Төв аймгийн Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Архуст, Баяндэлгэр, Сэргэлэн, Мөнгөнморьт, Баянцогт, Сүмбэр зэрэг 10 сумын харьяат 153 хүүхэд тогтмол амьдарч байна.
Энэ хичээлийн жилд гэхэд нийт 164 хүүхэд дотуур байранд хамрагдах хүсэлт гаргасан боловч одоогоор 153 хүүхэд амьдарч байгаа буюу 11 хүүхэд хамрагдаж чадаагүй.
А байр нь 1987 онд ашиглалтад орж 2-3 өрөө нь огт ашиглах боломжгүй болж 80 хүүхэд байхаас 61 хүүхэд амьдарч байна. Б байр 1974 онд ашиглалтад орсон 80 хүүхдийн багтаамжтай хэдий ч 92 хүүхэд амьдарч байна. А, Б дотуур байрны барилгын насжилт хуучирч, эрүүл ахуйн шаардлага хангахааргүй болж, хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.
Аймаг, орон нутгаас 2024 онд 150 ортой дотуур байрны барилгын зураг, төсвийг хийлгэсэн бөгөөд бэлэн газар, зураг төсөвтэй хөрөнгө оруулалтын ажил юм.
Иймд сургуулийн нийт багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч нарыг Сангийн яамны "Төсвийн хөрөнгө оруулалт" аппликейшн ашиглаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 ортой дотуур байрны барилга шинээр барих хүсэлт илгээхийг уриалж байна.
Хөдөө, орон нутгаас ирж суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо жил бүр өсөж, дотуур байранд хамрагдах хүсэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа тул цаашид шинээр дотуур байр барих нэн чухал байна" гэв.
Хүмүүн цогцолбор сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 131 багш, 69 ажилтан, 3572 суралцагсадтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.