Мал бордох технологи, махны экспортын талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV” аяны хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт шинэ инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх “Технологийн 7 хоног” Дархан-Уул аймагт үргэлжилж байна.
Энэ хүрээнд “Мал бордох технологи нэвтрүүлж махны үйлдвэрлэлийг нэмэх”, “Махны экспортод чиглэсэн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх”, “Махны экспорт ба малын эрүүл мэнд”, “Хамгаалалттай аж ахуйн хувилбарууд” сэдвээр туршлага солилцох, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэлэлцүүлгийн үеэр махны үхрийг өсгөж үржүүлэхийг дэмжих шаардлагатайг онцолж, энэ салбар нь хөдөө аж ахуйн олон талт байдлыг хангах, хүнсний хангамжийг сайжруулах, экспортын шинэ боломж бүрдүүлэх, орон нутгийн амьжиргааг дээшлүүлэх ач холбогдолтой. Үүний тулд тэжээлийн үйлдвэрийг бэхжүүлэх нь чухлыг онцлов.
Арвин ургацтай, тэжээлийн
таримлыг нутагшуулах, хадлан, дарш, ногоон тэжээл үйлдвэрлэлийн суурийг бий
болгох, мал эмнэлгийн
салбарыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Мөн төр-хувийн хэвшлийн түншлэлээр мал эмнэлгийн үйлчилгээг
хүртээмжтэй болгох бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Экспортын зах зээлд
өрсөлдөх бүтээгдэхүүн гаргахын тулд
боловсруулах, хүйтэн сүлжээ,
баталгаажуулалтын системд анхаарах ёстойг нэмж хэллээ.
Түүнчлэн, салбарын
шинэчлэл, үр ашгийг нэмэхэд инновацын
шийдэл онцгой үүрэгтэй.
Үүлдэр угсаа, хиймэл үржил, генетикийн дэвшилтэт арга зүйг нэвтрүүлэх, ухаалаг
мал аж ахуйн менежмент, дижитал платформ ашиглах, малын тэжээлийн үр ашиг,
махны чанар, уур амьсгалд дасан зохицох судалгааг дэмжих, залуус, шинэ
санаачлагчдыг энэ салбарт татан оролцуулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг ХХААХҮЯ мэдээлжээ.