Төрийн байгууллага хоорондын хууль, эрх зүйн орчин хангалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-25 16:11:11

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ГХЯ-наас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Европын Холбооны “Монголын гадаад худалдааг дэмжих төсөл”-тэй хамтран “Монголын цахим худалдааны долоо хоног”-ийг зохион байгуулж байна.

 

Энэ хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон үндэсний экспертүүд Монгол Улсын цахим худалдааны орчныг сайжруулах, хил дамнасан худалдаанд блокчэйн ашиглах, бусад улс орны цахим худалдаатай холбоотой практик зэрэг сэдвээр илтгэл тавьж, холбогдох сургалтуудыг зохион байгуулах аж.  


НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссийн эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Витада Анукоонваттака ярихдаа, “Олон улсын өнөөдрийн чиг хандлагаар дижитал цахим хөгжүүлэлт сайн үзүүлэлттэй байна. Гадаад худалдааны цахим хөгжүүлэлт чухал бөгөөд Монгол Улсын хувьд цахим худалдаа хөгжүүлэх талаар олон улсын хууль эрх зүйн актыг шинэчлэх ажлыг хийсэн. Худалдаатай холбоотой төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо хууль, эрх зүйн орчны байдал одоогоор хангалтгүй байна. Гаалийн ерөнхий газар хууль, эрх зүйн орчноо сайжруулахаас гадна худалдааны түнштэй мэдүүлэг, бичиг баримтыг электрон байдлаар солилцоход анхаарах хэрэгтэй. Цахим худалдаа нь гаалийн үйл ажиллагаатай холбоотой биш худалдаанд оролцож байгаа үйл явцыг цахимжуулах тухай юм. Цаашид дижитал платформыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ. Монгол Улс дижитал цахим платформоор дамжуулан бэлэн бүтээгдэхүүн бус өндөр үнэтэй гадаад орны эрэлт хэрэгцээтэй байгаа үйлчилгээг цахимаар экспортлох боломжтой” гэв.

 

Гурав хоног үргэлжлэх энэхүү үйл ажиллагаанд Монголын гадаад худалдаанд оролцогч төр болон төрийн бус байгууллага, цахим худалдааны чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөл оролцож байна.


 

 

Холбоотой мэдээ