Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг шилэн болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 15.3 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Тэдний хөдөлмөр эрхлэхийг дэмжиж багагүй мөнгө зарцуулдаг ч үр дүнг сайжруулж, тогтвортой байдлыг дэмжих шаардлага бий. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг “Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт” уриан дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилт дэвшүүлэн, зургаан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлийнх нь онцлог, ур чадвар, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажлын байраар хангах, иргэний байгуулсан бичил, жижиг аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх “Хөгжлийн гүүр” туршилтын төслийг хэрэгжүүлнэ. Мөн төрийн үйлчилгээг ээлтэй болгож, хүнд суртлыг арилган, цахим болгох юм. Их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сантай болохыг ч зорьж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчдоо урамшуулж, дэмжихийг ГБХНХЯ мэдээллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 3.3 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол өнгөрсөн онд дөрөв дахин нэмж 1142 хүнийг ажлын байртай болгожээ.