Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг ноос ноолуур, үйлчилгээний салбарт туршин хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-26 10:04:11

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEP) төслийг  30 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байна.


Залуусын хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээлд дүн шинжилгээ хийж, хүний нөөцийн бодлого, бүтээмж, ажлын байрны менежментийг сайжруулах зорилготой тус төслийг Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэх ач холбогдолтой учир ноос ноолуур, зочлох үйлчилгээний салбарт туршин хэрэгжүүлнэ. Төслийг ГБХНХЯ, ХХААХҮЯ, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагууд, сонгогдсон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний агентлаг (KLES), БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн үйлчилгээний агентлаг (KEIS)-тай хамтран хэрэгжүүлнэ. Тэд залуусын хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг урт хугацаанд тогтвортой сайжруулах юм.

 

Төслийн хүрээнд нотолгоонд суурилсан бодлого, шийдлийг тодорхойлж, залуу ажилтны идэвх санаачилга, оролцоог дэмжин, ажлын байрны менежментийг сайжруулах сургалтууд зохион байгуулна.

Холбоотой мэдээ