Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга нар цахимаар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-26 09:56:37

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга Б.Түвшин Бүгд Найрамдах Словени Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Словени-Монголын парламентын бүлгийн дарга, хатагтай Сузана Леп Шименкотой энэ сарын 25-нд цахим уулзалт хийлээ.


УИХ-ын гишүүн Б.Түвшин шинэ парламентын бүрэлдэхүүн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өргөжин, 126 гишүүнтэй болж чадавхжсан тул хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.


Үндэсний Ассамблейн гишүүн Сузана Леп Шименко Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2023 онд тэмдэглэсэн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд тус улсад айлчилсан болон Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, хатагтай Наташа Пирц Мусар өнгөрсөн онд манай улсад төрийн айлчлал хийсэн зэргийг дурдан, хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжиж буйг нотлон өгүүлээд, 90 гишүүнтэй Үндэсний Ассамблейн ээлжит сонгууль ирэх онд болох талаар танилцуулав.


Парламентын бүлгийн дарга нар хоёр улсын эдийн засгийн болон эрх зүйн салбарын харилцааг идэвхжүүлэх, хөдөө аж ахуйн, газар тариалан, аялал жуулчлал болон ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож, дараа дараагийн уулзалтаар эдгээр асуудлыг нэг бүрчлэн сэдэвчлэн ярилцаж, холбогдох Байнгын хороод, яамдын төлөөллийг оролцуулан ажил хэрэгчээр хэлэлцэхээр тогтлоо.


Цахим уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн гишүүн Л.Соронзонболд, Г.Очирбат, Словени-Монголын парламентын бүлгийн Нарийн бичгийн дарга Само Новак нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ