Б.Жавхлан: Бирж, үнэ, боомтоос шалтгаалах хүчин зүйлсийг 50 хувиар бууруулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-26 13:49:58

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар 14 хоногийн өмнө байгуулсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд уг ажлын хэсгээс өнгөрсөн хугацааны тайлангаа тайлагнасан байна.


Сангийн сайд Б.Жавхлан энэ тухайд, “Тус ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг миний бие болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар тэргүүлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажилласнаас гадна аж ахуйн нэгжүүдээс тавьсан саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.  


Газар дээр нь очиход хоёр улсын хилийн наана ч, цаана ч аль аль талдаа нүүрс овоорсон байдалтай байна. Энэ нь нүүрсний үнэ унасан, алдагдлын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, талууд биржийн арилжаанд оролцох боломжгүй болчхоод байгаа юм.


Иймд бирж, үнэ, боомтуудаас шалтгаалах буюу өөрсдөөс шалтгаалах хүчин зүйлсийг 50 хувиар бууруулахад анхаарч ажиллалаа" гэв.

 

Холбоотой мэдээ