Цөлжилттэй тэмцэх урт хугацааны хамтын ажиллагааны суурийг тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-26 15:05:37

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуаньтай  өнөөдөр уулзав.


Уулзалтад Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах үүрэгтэй Үндэсний хорооны даргын хувьд сайд С.Одонтуяа бэлтгэл ажлын төлөвлөгөө, Монгол Улсаас дэвшүүлж буй бодлогын санал, санаачилгыг танилцууллаа. Мөн цөлжилттэй тэмцэх, COP17 хурал зохион байгуулах хүрээнд БНХАУ-тай хамтран ажиллах талаар санал солилцов.


Элчин сайд Шэнь Миньжуань БНХАУ 2017 онд COP13 хурлыг хүлээн авч зохион байгуулсан тул Монгол Улстай туршлага хуваалцах, дэмжин хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улс хамтран Цөлжилтийн судалгааны төвийг байгуулж төслийг эхлүүлсэн нь цөлжилттэй тэмцэх урт хугацааны хамтын ажиллагааны суурийг тавьж  буйг онцолсон юм гэж БОУАӨЯ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ