Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-26 15:37:08

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр өргөн мэдүүллээ.


ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх эдийн засгийн гэмт хэрэг олон гарах болсныг дурдав. Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаа идэвхтэй явуулж ирсэн бөгөөд цахим болон бооцоот мөрийтэй тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагаа түгээмэл байгаа нь шийдвэрлэх зайлшгүй тулгамдсан асуудал болжээ. Бооцоот тоглоомын сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул цахимаар хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлаад байгаа аж.


Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй үйлдлийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан байна. Хуулийн төслийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцлов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ