ТӨВ: Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймаг, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр шинжлэх ухаан, технологи, инновацын талаарх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, нийгэм соёлын инновацыг хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих замаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, даван туулах технологийг нутагшуулах, багш, сурагчдад чиглэсэн “Entreprenership" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын манлайллын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төгсөх ангийн сурагчдын өөртөө итгэх итгэл, хамтран ажиллах ур чадварыг хөгжүүлэх замаар тэднийг бие даасан, шинийг санаачлагч, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.
МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк нь инновац, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн технологи дамжуулах төвийг хөгжүүлэх, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехүүдийг ажиллуулах, лаборатори, судалгааны төвүүдийг хөгжүүлэх, сургалт, үйлдвэрлэлийн түшиц бааз бий болгох, инновацын нээлттэй орон зайг бүрдүүлэх зэрэг инновацын экосистемийг бүрдүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага юм.