Тусгай замын автобус төслийн урьдчилсан зураг төслийг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-28 14:09:08

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл тусгай замын автобус /BRT/ төслийг хэрэгжүүлнэ.


Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу барина. Өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, буудлын тоо 17, зорчих дундаж хугацаа 15-20 минут, дундаж хурд 20-25 км/цаг байна. Төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 12.6 хувиар нэмэгдэх аж.


Одоогоор төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилт авах судалгаа үргэлжилж байна. Судалгаа дуусаж, санхүүжилтийг бүрэн шийдсэний дараа ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм. Эдгээр ажлыг энэ онд дуусган, 2026 оны гуравдугаар сард барилга угсралтыг эхлүүлж, 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ