Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк төслийг хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-28 15:08:39

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина.


Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг байгуулах аж. Энэхүү төслийг улс, нийслэлийн төсөв болон гадаадын тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулсан байна.


Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт паркт нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байгаа юм. Арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг барьж, нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ гэж тооцоолсон байна. Түүнчлэн 5600 тогтвортой ажлын байр бий болох судалгааг гаргажээ.


Төслийн өөр нэгэн чухал ач холбогдол бол малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна. Мөн паркийг Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжүүлэх учир тухайн орчимд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэхийг албаныхан онцоллоо.

Холбоотой мэдээ