Н.Ууганбаяр: Гадаадын мэргэшсэн зөвлөх, салбарын мэргэжилтэн ажиллах хэрэгцээ шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-28 16:31:37

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгуулав.


Уулзалтаар гадаад улсаас ажиллах хүч оруулж ирэхэд тулгамдаж буй асуудал, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох процессыг хялбарчлах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо.


ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг тэлэх 14 мега төслийн хүрээнд гадаадын мэргэшсэн зөвлөх, салбарын мэргэжилтнүүд Монгол Улсад ирж ажиллах хэрэгцээ шаардлага бий. Түүнчлэн бүтээн байгуулалтын улиралтай холбоотой бусад салбарт ч ажиллах хүч авах оргил үе эхэлж байна. Иймд нэн тэргүүнд байгууллага хооронд уян хатан, нягт хамтран ажиллах шаардлага үүсэж байгааг онцоллоо.


Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 2021 оноос цахим виз олгож эхэлсэн. Улмаар аяллын цахим виз олголт нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгж, байгууллага ажлын байрны төлбөрөөс зайлсхийх зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх зөрчил сүүлийн жилд нэмэгдэж байна. Энэ нь хөдөлмөр эрхлэх зорилгоор виз болон оршин суух зөвшөөрөл авахад шат дамжлага ихтэй, ажлын байрны төлбөр өндөр, хугацаа их шаарддаг зэргээс аяллын визийг зориулалтын бусаар ашиглах нэг шалтгаан болж байгааг дурдав.


Тиймээс гадаадын ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ажлын байрны төлбөрийг шаталсан хэлбэрээр ялгаатай тогтоох боломжийг судлах чиглэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгодог хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрлийг “Виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д холбохоор шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ