ӨМНӨГОВЬ: Гурвансайхан ууланд орших "Аяга арц”-ны домог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаар 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд орших "Аяга арц" хэмээх байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрыг та бүхэнд танилцуулж байна.
Ногоон хад ба аяга арц нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших Говь гурвансайхан уулын Зүүн сайхны зүүн үзүүрт байдаг. Даланзадгад сумаасаа зүүн урагшаа 45 км зайд оршдог.
Тус газрын тухай эртний домог яриа байдаг нь тус хөндийн голд ганц ногоон хад байх ба дээд энгэрт нь нэг их баян айл байдаг байжээ.
Тэднийх
нэг зарцтай, зарц нь өглөө эртлэн адуундаа мордож үүр цүүрээр адууг нь уячихдаг
байж. Баян ноён бодож: Энэ муу золиг хэдэн адууг минь усгүй уячихаад байгаа юм
биш байгаа ойр усгүй дээ гэж бодоод нэг өдөр сэм дагажээ.
Гэтэл нөгөө залуу зарц нь адуугаа хурааж хөндийд бөөгнүүлээд нөгөө ногоон хадыг ногтоороо оосорлон татаж дороос нь ус гарган адууг нь услаад, чамайг Чүнчигноров гэж хүмүүс мэдэхгүй, намайг Заяын гэгээн гэж хүмүүс мэдэхгүй гээд тэр ногоон хадыг буцаан тавьж байхыг үзээд ноён хар хурдаар харьжээ
Баян
гэртээ ирээд за хө баларсан юм, бид чинь эрдэм номтой Зая гэгээнийг зарц болгон
байлгаж байжээ, одоо явуулалгүй болохгүй гээд, нөгөө зарцаа адуугаа хурааж
унагаа уяад орж ирхэд нь ихэд дайлж идээ будаа сөгнөн, алт мөнгөн ембүү барин
ингэж хэлжээ
-За
гэгээнтэн минь биднийгээ өршөө юу дуртайгаа аваад, хүссэн газраа яв даа гэжээ.
Ингээд тэр зарц нь явахдаа буянаа хайрласан нутагтаа тэргүүнээ үлдээе гэж малгайгаа орхисон нь малгай хад болж, олон хүнд буян болог ээ гэж аягаа үлдээсэн нь аяга арц болсон түүхтэй.
Тиймээс
нутгийн ард түмэн одоо аяга арцанд мөргөн сүсэглэж хүүхэд хүсвэл хүүхэдтэй болж,
эд хөрөнгө, аз жаргал гээд хүссэн бүхэн биелдэг шидтэй хэмээн үздэг.
Хөндийд
байх ногоон хад ногтны ором мөртэйгээ одоо ч оршсоор байдаг билээ.