ӨВӨРХАНГАЙ: Барилгын салбарыхан орон нутгийг орон сууцжуулах асуудлаар хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн
ЗДТГ, ГХБХБГ, “Хөгжлийн төлөө” барилгачдын холбооноос “Орон сууцжуулалт, дэд
бүтэц” сэдэвт барилгачдын зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, орон нутагт барилга барих тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнууд оролцож, барилгын салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Тухайлбал, барилга, орон сууцны чанар, аюулгүй байдал, орчин нөхцөл, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус аймагт жилд дунджаар 300 айлын орон сууц барьдаг. Барилгын түүхий эд, бетон зуурмагийн хүлээгдэл их байдгийг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байсан бол орон сууцны талбайн үнэ өндөр байгааг иргэд шүүмжилж байна.
Аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн хүчин чармайлтаар улсын төсөвт жилд дунджаар 120 тэрубум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгаж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбарын барилгажилтыг 80 хувьтай шийдвэрлэж ирсэн. Цаашид сумдыг орон сууцжуулахад голлон анхаарна” гэв. “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн орон сууц барьж байсан түүх байхгүй. Энэ жил улсын хэмжээнд 90 суманд 8 айлын нийтийн орон сууц барьж байгаагаас тав нь тус аймагт байна. Ирэх онд дахиад нэмэгдүүлнэ” хэмээн тэрбээр хэллээ.
“Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хамгийн том амбицтай зорилтыг хангайн бүсийнхэн тавьсан. Хөгжлийн томоохон 30 зорилтыг дэвшүүлснээс 18 нь Өвөрхангай аймагтай шууд холбоотой. Тодруулбал, бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төв байгуулна. Хоёрдогч нийслэл Хархорин хотыг байгуулна. Үүнд танай аймгийн барилгачид бэлэн үү?” хэмээн ХББОСЯ-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд илтгэлдээ дурдаж байсан юм.
Мөн ШУТИС-ийн техникийн ухааны магистр, доктурант Л.Түмэндэмбэрэл хэлэхдээ, “Бид өнөөдрийн шаардлагад нийцсэн шинжлэх ухаанч шинэ мэдлэг дутагдаад байна. Орон нутагт тохирсон технологиудыг зураг төсөл, барилга үйлдвэрлэлдээ сонгож, нэвтрүүлж чадахгүй байна. Орон нутагт шинжлэх ухаан, инновацын мэдлэгийг бодит ажиллах хүч болгон хувиргах нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.
Өвөрхангай аймаг төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах, барилгын материалын хангамж, тээвэр логистикийн төв байгуулах, Арвайхээрт эко орон сууцны хорооллыг бий болгох, дулаан, цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангах ажлыг төлөвлөөд байна.