ӨВӨРХАНГАЙ: Төсөл хөтөлбөрөөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2025 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа.
Энэ онд таван зорилтын хүрээнд 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Мөн Ахмад настны хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төслүүд түлхүү зарлагдах юм.
Нээлттэй өдөрлөгөөр ХХҮГ-ын төсөл
хөтөлбөрт хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн үзэсгэлэн, "Юнисервис Солюшн" ХХК-иас Оюу толгой төсөл дээр
үйлчилгээний ажилтан авах ажлын танилцуулга, бүртгэл зэргийг хамтатган зохион
байгууллаа.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл
ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, чирэгдэл багатай хүргэнэ. Иргэд
маань гоё ганган төсөл хүнээр бичүүлээд ирэх биш, дэвтрийн гол цаасан дээр ч
хамаагүй, өөрийн эрхэлж буй үйл ажиллагаагаа товч тодорхой, бодитой бичээд ирэхэд
болно. Бид судалж үзээд газар дээр нь танилцаад аль болох санхүүгийн дэмжлэгт
хамруулахыг хичээнэ” хэмээн ХХҮГ-ын дарга П.Пунсалмаа ярилаа.