Б.Дэлгэрсайхан: Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэж, ажлын бүтээмжийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-02 15:18:19

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнуудыг энэ долоо хоногоос эхлэн чөлөөлөх, сонгон шалгаруулалтаар ажилд дахин томилж эхэлнэ.


Засгийн газраас төмөр замын төрийн өмчит компаниудыг нэгтгэх шийдвэр гаргасны дагуу дээрх компаниудын шинэ бүтэц, орон тоо, ажлын хариуцлага, үр ашгийн тооцоо судалгааг хийжээ.


Одоогоор “Тавантолгой төмөр зам” ХХК 800, “Монголын төмөр зам” ТӨХК 600 гаруй хүнтэй ажиллаж байна. Бүтэц, орон тооны өөрчлөлтийг хуульд нийцүүлэн хэрхэн яаж хийх талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага, ажилтан алба хаагчидтай уулзах үеэрээ тодотгов.


Тэрбээр ашиггүй ажилладаг төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэх тухай Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, төрийн өмчит компаниудын төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, ажлын үр дүн, эдийн засгийн үр ашиг хангалтгүй байгааг тооцоо судалгаатай тодорхой тэмдэглэв. Ингэхдээ төмөр замын салбарт адил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй хувийн компаниудын үйл ажиллагаатай харьцуулсан дүгнэлтийг дурдаж, төрийн өмчид байгаа төмөр замын компаниудын бүтэц, орон тоог нэгтгэж, ажлын бүтээмж, менежментийг нь шат дараатай сайжруулж эхлээд байгааг ЗТЯ мэдээлжээ. 

 

Холбоотой мэдээ