Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг улираан томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр тогтоолын эцсийн
найруулгыг уншиж, танилцуулаад “З.Дашдаваа даргад ажлын амжилт хүсье. Өнөөдөр УИХ-ын
гишүүд Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилж байгаатай холбогдуулан
олон санал хэллээ. Гишүүдийн хэлсэн саналыг та бүхэн ажил хэрэг болгож
хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Авлигатай тэмцэх үйл ажиллагааг ул суурьтайгаар
хэрэгжүүлэх, үүнийг нь УИХ дэмжин ажиллах шаардлагатайг гишүүд хэлж байна.
Үүнийг хэрэгжүүлэх үүднээс танай байгууллага бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах
нөхцөлтэй холбоотой асуудлуудаа УИХ-д танилцуулах шаардлагатай.
Нөгөө талаасаа Авлигатай тэмцэх газраас хуулиас давсан
журмуудтай холбоотой асуудлаар саналаа боловсруулж, хүчингүй болгуулах, авлига
үүсгэх нөхцөлийг бий болгож байгаа төрийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах
саналуудаа шуурхай танилцуулж, шийдвэрлүүлэх үүрэг, чиглэл өгч байна. УИХ-ын
Тамгын газар, Авлигатай тэмцэх газар болон Хүний эрхийн Үндэсний Комисс
хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэхүү ажлыг илүү эрчимжүүлж,
бодит үр дүн гаргах талаар анхаарч ажиллахыг хүсье. УИХ танай байгууллагын үйл
ажиллагаа, ажиллах нөхцөлийг чинь анхаарч, бүрэн дэмжиж ажиллана” гэлээ.
З.Дашдаваа 1974 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод
төрсөн. 51 настай, яс үндэс халх, эрэгтэй. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн
ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч. 1995-2019 оныг хүртэлх хугацаанд
цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөс эхлээд Цагдаагийн
ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс, тасгийн дарга,
хэлтсийн дарга, дэд даргаар дэвшин ажиллаж, улмаар 2019 онд Авлигатай тэмцэх
газрын даргаар томилогдсон байна. Тэргүүн комиссар З.Дашдаваа цагдаагийн
байгууллагад 24 жил, Авлигатай тэмцэх газарт зургаа дахь жилдээ, хууль сахиулах
байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа юм.