ОРХОН: Элчин сайд Хэльмут Кулитц Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-04 09:44:23

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нийгмийн харилцаа хамтын ажиллагааны хүрээнд олон төлөөлөгч зочлон үйл ажиллагаатай нь танилцдаг. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер, мэргэжилтэн Д.Дэлгэржаргал нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн заводын үйл ажиллагаатай танилцлаа.


Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, цаашид багш, оюутан солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтрах, машин үйлдвэрлэл хөгжүүлэхэд материалын шинж чанарыг сайжруулах, элэгдлийн тэсвэрийг дээшлүүлэхэд дэлхийн хэмжээний компаниудтай холбож өгөх боломжийн талаар тэд санал солилцсон юм.


ХБНГУ-ын тусламжтайгаар, тус сургуулийн дэргэд байгуулсан Гагнуурын сургалтын төвийг үзэж сонирхлоо. Энэхүү төвд Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгаас 100 орчим хүн суралцаж, цахилгаан, хагас автомат, аргон гагнуурын мэргэжил эзэмшсэнийг энэ үеэр танилцуулав.


Элчин сайд Хэльмут Кулитц, “Монгол Улсын хувьд уул уурхай хамгийн чухал салбар. Тэр дундаа томоохон байр суурь эзэлдэг Эрдэнэт үйлдвэртэй биечлэн танилцах зорилго өвөрлөн, Эрдэнэт хотод анх удаа ирлээ. Цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох, зөвлөгөө өгөх, шинэ боломжуудыг хамтдаа эрэлхийлэх ач холбогдолтой аялал болно гэдэгт итгэж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн заводын үйлдвэрлэлтэй танилцаж явахдаа уурхайчин хамт олны хөдөлмөрөөр их бахархлаа” гээд ажлын өндөр амжилт хүслээ.



Холбоотой мэдээ