ОРХОН: Нийгмийн зарим ажилд залуусаа илүү татан оролцуулдаг байх санал уламжлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ, Соёл урлаг аялал жуулчлалын газраас "Залуусын чуулган" зохион байгуулав.
Чуулганд салбар бүрийн 420 гаруй залуу оролцлоо. Энэхүү чуулганыг залуучуудын хэрэгцээнд тулгуурлан бодит асуудалд суурилан зохион байгуулж, цаашид тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил төлөвлөж байгаа гэв.
Орхон аймгийн нийт хүн амын 25 хувийг 16-34 насны залуус эзэлдэг. Мөн хөдөлмөрийн насны хүн амын 44 хувь, ажиллах хүчний 39 хувь нь залуучууд байгаа нь орон нутгийн хөгжил дэвшилд залуучуудын оролцоо өндөр байгааг илтгэж байгаа юм.
Залуучуудын чуулганы үеэр залуусын хамгийн гол хүсэж эрмэлзэж буй хүчин зүйлсийн хувьд тогтвортой ажлын байр бий болгох, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, нийгмийн зарим ажилд залуусаа илүү татан оролцуулдаг байх саналыг ихэвчлэн хэлж байлаа. Залуучуудын хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө чуулганаас гарсан саналаа тусгахаар тогтсон юм.