ӨМНӨГОВЬ: "Тусгаар тогтнол" шүлгийг 108 сурагч нэгэн зэрэг уншив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нийслэл, 21 аймгийн хэмжээнд нэгэн зэрэг уншлаа.
Энэ хүрээнд Өмнөговь аймгийг төлөөлөн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 108 сурагч Батмөнх даян хааны төв талбайд "Тусгаар тогтнол" шүлгийг уншиж сонордууллаа.
Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний бичиг үсгээ хайрлан хамгаалах, таниулах зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий боловсролын “Оюуны ундраа” сургуулиас санаачилсан Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг улс орон даяар цэнгүүлэх үйл ажиллагааг тасралтгүй 9 дэх жилдээ зохиож байгаа юм.
Сонирхуулахад, яруу найраг судлаачдын үзэж буйгаар энэхүү шүлгийг бичих санаа Д.Пүрэвдорж зохиолчид Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэний дараа төрсөн бөгөөд 1968 онд тэрээр Москва хотод Утга зохиолын сургуулийг төгсөхдөө "Тусгаар тогтнол" хэмээх алдарт шүлгээ хэвлүүлсэн байна.