Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн аян нэг сар үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Манай улс жил бүрийн 4 дүгээр сард орон даяар үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аяныг өрнүүлж хэвшээд буй.
Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор уг аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд нэгдүгээр улирлыг эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг идэвхжүүлэх улирал болгон зарлаж, энэ сарын 4-нд тус салбарынхныг хамруулсан чуулган зохион байгуулсан. Хоёр, гурав, дөрөвдүгээр улирлыг уул уурхай, барилга, зам тээврийн салбар буюу эрсдэл өндөр салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт ажлууд өрнөх юм.
Манай улсад өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод
809 хүн өртсөн нь өмнөх оныхоос 2 дахин өссөн үзүүлэлт юм. Үйлдвэрлэлийн осол,
мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол уул уурхайн салбарт голлон зонхилж байгаа бол барилгын
салбарт хүний амь нас эрсэдсээр байна. Иймд хууль, эрх зүйн орчныг тодотгох,
цахим хэлбэрт шилжүүлэх, ХАБЭМ-ийн дэд бүтцийг сайжруулах, тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, статистикийг хөгжүүлэх, хүний
нөөцийг бэхжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах ажил хийж байгаа аж.