Бие даалтын 7 хоногоор гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалахад суралцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Цэцэрлэг сургуулийн сурагчид нь аливаа гамшгийн үед нэмэлт тусламж шаардлагатай эмзэг бүлэгт тооцогддог тул энэ талын мэдлэг ойлголтыг олгох, гамшгийг даван туулах чадавхтай болгох зорилгоор Боловсролын яамнаас “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр боловсруулжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн
ЕБС-ийн II улирлын бие даалтыг нийслэлд гуравдугаар сарын 31-нээс долоо
хоногийн хугацаатай зохион байгууллаа. Сургалтыг танхим
болон цахим хосолсон хэлбэрээр, түүнчлэн бие даан судалж танин мэдэх, биет
байдлаар дасгал сургуулилт хийх зэргээр зохион байгуулав. Үүнд, төвийн дүүргийн
сургуулийн 2000 орчим сурагч ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв
116 дугаар ангид Гамшгаас хамгаалах анхан шатны сургалтад хамрагдсан
байна.
Ингэснээр сурагчид гамшгийн үед өөрийгөө болон бусдыг
хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг эзэмшиж, сургууль болон
төв, орон нутгийн Онцгой байдлын газрын хамтын ажиллагаа өргөжин, эцэг
эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хандлага, оролцоо өмнөх бие даалтын
7 хоногтой харьцуулахад нэмэгдэн, сургууль болон өрх гэрийн аюулгүйн бэлэн
байдлын үзүүлэлт сайжирсан зэрэг олон эерэг үр дүн гарсан гэж салбарын яам үзэж байна.