УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны 150 дугаар чуулга уулзалтад оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалт энэ сарын 5-9-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж байна.
Чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн,
ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг, УИХ-ын
гишүүн Н.Наранбаатар, Б.Пунсалмаа болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Баасандорж нар оролцож байгаа юм. Энэ үеэр дэлхийн 181 орны парламентыг
эгнээндээ нэгтгэсэн ОУПХ-ны бүтцийн байгууллагууд болох Удирдах зөвлөл, Байнгын
хороод, Хүний эрхийн болон Ойрхи Дорнодын асуудлаарх хороод хуралдахаас гадна
Эмэгтэй парламентчдын, Залуу парламентчдын форум тус тус болно.
Чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Нийгмийн хөгжил,
шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөж байна.
Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын төлөөлөгчид мэтгэлцэх, санал солилцох, бүс
нутгийн түншлэлийг бэхжүүлж, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.
Мөн Энх тайван, олон улсын аюулгүй байдлын болон Тогтвортой хөгжлийн байнгын
хороогоор хэлэлцсэн асуудлаар тогтоолыг батлахаас гадна нэгдсэн хэлэлцүүлгийн
хүрээнд үр дүнгийн баримт бичгийг ёсчилно.
Ассамблейн эхний өдөр УИХ-ын төлөөлөгчид Эмэгтэй
парламентчдын форумд оролцлоо. Жендэрийн тэгш байдал, шийдвэр гаргах
түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэй парламентчдын манлайлал,
санаачилга, хамтын ажиллагаа бэхжүүлэх зорилготой уг форум байгуулагдсанаасаа
хойш 40 дэх жилтэйгээ золгож буй. Эмэгтэй парламентчдын форумын үеэр жендэрийн
тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий
нийтийн өмнө тавьсан Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсанаас
хойш 30 жилийн ой болж буйг тэмдэглээд, төлөөлөгчдөөс өнгөрсөн хугацаанд
гарсан ахиц дэвшил, цаашдын хандлага, шийдлийн хүрээнд харилцан зөвлөлдөв.
Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн
Н.Наранбаатар, Б.Пунсалмаа нар Ази, Номхон далайн бүлгийн хуралд оролцож, бүс
нутгийн түншлэлийг бэхжүүлж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг тэлэхэд
парламентын үйл ажиллагааг чиглүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо. Өнгөрсөн
онд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга
уулзалтын үеэр тус холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүнээр УИХ-ын
гишүүн О.Номинчимэг сонгогдсон. Тэрбээр энэ удаагийн чуулганд
Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байна.
Дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөгч чуулж буй уг ассамблейн
үеэр Парламентын ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг хуралдах бөгөөд
тус хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцох юм
гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.