Монгол Улсын хоёр ахлагч АНУ-ын нисэх хүчний академийг төгсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн хоёр мэргэжилтэн АНУ-ын Нисэх хүчний ахлагчийн академид амжилттай суралцан төгсжээ. Энэ нь Монгол Улсаас тус академид суралцсан анхны тохиолдол болохыг Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлсэн байна.
Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахлагчийн хөгжлийн төвийн дарга, сургагч ахлагч П.Баярмагнай болон Зэвсэгт хүчний 325-р ангийн 304-р тусгай салбарын ахлагч Н.Сувд-Эрдэнэ нар АНУ-ын нисэх хүчний 5 дахь тэргүүн ахлагч Роберт Д.Гейлорын нэрэмжит тус академийг дүүргэжээ.
АНУ-ын Лайкланд нэгдсэн нисэх хүчний баазад байрладаг тус академийг АНУ-ын нисэх хүчний 30 мянга гаруй мэргэжилтэн төгссөн бөгөөд энэ удаагийнх 129 дэх төгсөлт нь аж.