“Сэлбэ сэргэлт” төслөөр далан барих ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-08 10:06:36

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын үерийн хамгийн их эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм. Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн, үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхэлжээ. 


Мөн үерээс хамгаалах даланг барьж дууссаны дараа бүрэн тохижуулах аж. Нийслэлийг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд Туул, Улиастай, Сэлбэ, Бэлх голын дагуу 31.68 км үерийн хамгаалалтын далан шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон юм. Тодруулбал, 2021 онд "Сэлбэ сэргэлт" төслийн судалгааг эхлүүлж, 2023 онд зураг төслийг батлуулжээ. 


Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл ярихдаа,  "Энэ нь Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр авто зам, явган хүний зам, үерийн далан, ногоон байгууламж байгуулах иж бүрэн төсөл юм. “S’Outlets”-ын байршил буюу үерийн хамгийн их эрсдэлтэй хэсэгт барьж буй 1.4 км түшиц ханыг хийж дууссаны дараа тохижилтын ажлыг хийнэ” гэв. 


Тэгвэл "Престиж инженеринг" компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг, "2005 оноос хойш барилга их барьснаас Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан. Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэг хана, хамгаалалт хийхгүй бол “Буянгийн зам” орчмын орон сууц байнгын усанд автах юм. Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байна. Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд амарч суух, голын чимээ сонсож суух нөхцөлийг хангахаар төлөвлөж байна" хэмээн ярилаа. 


2023 оны 7 дугаар сард болсон үерийн үеэр Сэлбэ голын эрэг дагуу 3.5 метр шороон далантай байсан. Харин одоо барьж байгаа далан нь газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр, төмөр бетон хийцтэй бөгөөд уг ажил 6 дугаар сарын 30-нд дуусах юм. Далангийн ажлын дараа тохижилт, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа аж. 


 

Холбоотой мэдээ