Авто замын даац хянах стандартыг өөрчлөхийг хүссэн албан шаардлагад хариу өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-08 09:26:22

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Тээвэрчид Монгол Улсын авто замын даацыг хянах стандартыг өөрчлөхийг хүссэн албан шаардлагыг Зам тээврийн яаманд хүргүүллээ.


Шаардлагад “Стандартад зааснаар, тээврийн хэрэгслийн нэг тэнхлэг дээрх жин 11.5 тонн. Зургаан тэнхлэгт тээврийн хэрэгслийнх 66 тонн болно. Гэтэл стандартын бүх жинг хэтрүүлсэн хэмээн зогсоох болсон асуудлыг шийдэж өгнө үү” хэмээжээ.


Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монголын түлш тээвэрлэгчдийн өлзийт зам холбоо” ТББ-ын төлөөлөл, салбарын хяналтын газрын дарга М.Энхболд, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд нарыг хүлээн авч уулзах үеэрээ хариулт өглөө.


Тэрбээр, “Манай улсад авто замын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг. Энэ стандартыг зөвхөн манайд бус олон улсад ч дагаж мөрддөг. Тодруулбал, БНХАУ-д нийт жин нь 49, ОХУ-д 44, Европын холбооны улсууд 44 тонн гэсэн стандартыг мөрддөг”-ийг онцолсон юм.


Мөн “Авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн тоог хамгийн их ачааллаар үржүүлж, дээр нь тээврийн хэрэгслийн бодит жинг нэмж тооцож байгаа нь буруу. Тэнхлэгийн тоо, тэдгээрийн хоорондын зай, нэг тэнхлэгт байрлах дугуйн тоо зэргээс хамааран хөтлөгч, хөтлөгдөх тэнхлэг дээрх ачаалал нь тэнхлэг, бүлэг тэнхлэгүүдэд хуваарилагдан, нийлбэр нь бүх жингийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Үндэсний стандартын үзүүлэлт шаардлага нь олон улс, бүс нутгийн стандартын шаардлагад нийцсэн байна” гэж заасан. Замын хөдөлгөөний Венийн конвенцод нэгдэн орсон улсын хувьд Авто тээврийн харилцааны талаарх олон улсын харилцаа өргөжин тэлж байгаатай холбоотой эрх зүйн актуудаа олон улсын жишигт нийцүүлэхийг зорьдог. Авто замын тухай хуульд Тусгай хамгаалалтгүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто замын үзүүлэлтээс хэтэрсэн овор, хэмжээ, даацтай тээврийн хэрэгсэл зорчуулах”-ыг хориглосон заалтыг мөрдөх нь зүйтэй” гэлээ.


Урин дулааны улирал эхэлж, авто замд ус чийг хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт багасдаг. Даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд нэмэгддэг аж

Холбоотой мэдээ