ӨМНӨГОВЬ: БНСУ-ын Корё их сургуулийн “Анам” эмнэлэгтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг
сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулахаар үе шаттай ажлуудыг
хэрэгжүүлж байна.
Энэхүү зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан ажлын баг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Корё их сургуулийн “Анам” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, тус эмнэлгийн олон улсын төвийн дарга Жин Дун Ён, гадаад харилцааны орлогч дарга Жон Жан Хү, нүдний тасгийн профессор, Өмнөговь аймгийн уугуул Т.Ариунаа нарыг хүлээн авч уулзлаа.
Хамтын
ажиллагааны уулзалтаар эмч мэргэжилтнүүдийг тус эмнэлэг дээр туршлага судлах,
мэргэшүүлэх, “Анам” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж иргэдэд үзлэг
оношилгоо хийх, эмч нарт онол, практикийн сургалт хийж чадавхжуулах, Монголд эмчлэгдэхгүй оноштой Өмнөговь аймгийн
иргэдийг “Анам” эмнэлэгт хөнгөлөлттэй эмчлүүлэх зэрэг олон хөтөлбөр
хэрэгжүүлэхээр ярилцжээ.
БНСУ-ын
“Анам” эмнэлэг болон Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эмч нар хамтран орон нутгийн
иргэдэд урьдчилсан үзлэг хийж, алсын зайн оношилгоо буюу
тeлeмeдицинээр дамжуулан оношлох зэрэг үйлчилгээг үзүүллээ.
“Анам” эмнэлэг нь бамбай булчирхайн хорт хавдрыг амны хөндийгөөр дамжуулан хийх
робот мэс засал, давсаг солих, хөхний нөхөн сэргээх, аарцагны тунгалгийн
булчирхай, давсгийн хорт хавдрын робот мэс заслыг амжилттай нэвтрүүлэн эрүүл
мэндийн чанар, стандартаараа олон улсад тэргүүлж буй эмнэлэг юм.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар:
Энэ санамж бичиг
нь Монгол Улсын ГХЯ-наас зөвшөөрөл авч хийж байгаагаараа онцлогтой. Хоёр улсын хооронд эмч
мэргэжилтнүүдийг чадавхжуулах, Монголд эмчлэгдэхгүй оноштой эмчлүүлэхээр очиж
буй өвчтөнүүдийг 40 хүртэл хувиар хөнгөлөх зэрэг олон чухал ажлыг хэрэгжүүлнэ.
Мөн “Анам” эмнэлэг хиймэл оюун ухаан руу шилжиж бүрэн цахимжиж байгаа юм байна. Өвчтөн заавал очиж эмчлүүлэхгүй цахимаар байгаа газраасаа оношоо тодорхойлуулах боломж нээгдэж байгаа гэсэн үг. Тодруулбал Өмнөговь аймгийн БОЭТ дээр үзүүлж байгаа өвчтөнийг "Анам" эмнэлэг дээрээс бүрэн хянаж оношлох боломжтой болж байгаа юм.
Өмнөговь аймгийн БОЭТ нь Монгол Улсад цөөн байгаа тоног төхөөрөмжүүдээр хангагдсан. Энэ нь улсын эмнэлгүүд дээр үүсээд байгаа дарааллыг багасгахад тодорхой эерэг нөлөө үзүүлж байгаа гэж бодож байна. Бөөрний диализ, зүрхний нарийслын дуран, титэм судасны хагалгаа зэргийг аймагтаа дараалалгүй хийж байгаа. Цаашид "Анам" эмнэлэгтэй хамтарч илүү гадаад харилцааг өргөжүүлэн ажиллах зорилготой байна. Эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, орон нутагтаа олон улсын эмчилгээ үйлчилгээг нутагшуулах чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна.