СҮХБААТАР: Төрийн байгууллагууд тээврийн хэрэгсэлдээ хар хайрцаг суурилуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар төрийн байгууллагууд тээврийн хэрэгсэлдээ хяналтын камер буюу хар хайрцаг суурилуулж эхэллээ.
Тодруулбал, зам тээврийн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх үүргийг богино хугацаанд хэрэгжүүлэхийг байгууллагын удирдлагуудад чиглэл болгов.
Мөн хувийн хэвшлийнхэн болон иргэдийг дээрх үйл ажиллагаанд нэгдэж өөрийн болон бусдын өмч хөрөнгийн аюулгүй байдлаа хангахыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.
Цагдаагийн байгууллагад сүүлийн үед нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууцны хороолол, гэрийнхээ гадаа авто машинаа мөргүүлчихлээ гэх дуудлага цөөнгүй ирж байна. Гэвч камерын хяналтын системд бүрэн холбогдоогүй байгаатай холбоотойгоор зарим төрлийн гомдлыг илрүүлэх боломжгүй байгаа. Өөрөөр хэлбэл иргэн хохироод үлддэг. Тиймээс энэ мэт эзэн холбогдогч нь олдохгүй байгаа гэмт хэрэг, зөрчил болон хөдөө орон нутгийн замд гарсан ослыг илрүүлэхэд тээврийн хэрэгслийн хар хайрцаг олон талаараа ач холбогдолтой. Ер нь хар хайрцгийг хүн бүр машиндаа суурилуулж өөрийн эд хөрөнгөө хамгаалж хэвших хэрэгтэй гэдгийг Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, ахлах дэслэг С.Сайнбаяр ярилаа.
Сүхбаатар аймагт 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол 39 бүртгэгджээ.