Б.Бадамцэцэг: Татварын хяналт шалгалтыг цахимжуулахаар зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхээр татварын хууль тогтоомжийг сайн дураар даган мөрдүүлэхэд туслалцаа үзүүлэх, татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч байна.
Сүүлийн 3-4 жилийн татварын хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийг салбарын ангилал болон татварын төрлөөр ангилан шинжилгээ хийж, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, зөвлөмж, контент бэлтгэн цахим сүлжээнд байршуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн татварын хяналт шалгалтын явцад татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчилтэй зохицуулалт, хэрэгжүүлэхэд үүсдэг хүндрэлтэй асуудлуудыг судлан, судалгаа, дүгнэлт гарган холбогдох хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж ажлын хэсэгт хүргүүлээд байна. Тухайлбал, үнэ шилжилтийн зорилгоор татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцох, алданги тооцох, хариуцлагын зүйл заалтууд, татварын гэмт хэрэг, мөнгө угаахтай холбоотой хийж буй хяналт шалгалтуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэн хүргүүлээд буй тухай Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга Б.Бадамцэцэг ярьж байна.
Түүнээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Татварын албаны үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад үе шаттай нийцүүлэхээр TADAT-ийн үнэлгээг ахиулж, цахим татварын тогтолцоог сайжруулах ажил хийж буй. Энэ ажил ямар явцтай байгаа вэ?
-Япон Улсын Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Их өгөгдөлд суурилсан татварын удирдлагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд эрсдэлийн загварын үр дүнгээр тайлан засварлуулах, хялбаршуулсан хяналт шалгалтыг бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд хийх, хяналт шалгалтын арга, ажлын урсгалыг сайжруулах чиглэлийг тодорхойлох, татварын хяналт шалгалтыг цахимаар хийх үйл ажиллагааг нэвтрүүлэхээр бусад нэгжүүдтэй хамтран хөгжүүлэлтийг Татварын удирдлагын нэгдсэн системд хийж байгаа бөгөөд 2025 онд бүрэн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Уг хөгжүүлэлтийг хийснээр эрсдэлийн шинжилгээний загварын үр дүнд үндэслэн татвар төлөгчидтэй харилцах үйл ажиллагаа автоматжих, эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын тогтолцоо сайжран татварын ногдол өсөх боломж бүрдэх юм.
-Татварын алба, нэгжийн үйл ажиллагааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, албан хаагчийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ямар үр дүн гарч байна вэ?
-Татварын хяналт шалгалтын чанарын үйл ажиллагаанд цахимаар хяналт тавьж, шийдвэр баталгаажуулахаас өмнө эрсдэлийн үнэлгээтэй уялдаж байгаа эсэхийг тооцоолох программыг нэвтрүүлж байна. Энэ ажлын хүрээнд татварын хяналт шалгалтын чанар, үр дүнг тооцоолох, хэрэв хангалтгүй хяналт шалгалт хийсэн тохиолдолд хяналт шалгалт хийж буй татварын улсын байцаагчид буцааж дахин нягтлах талаар сануулга өгөх программчлалыг хөгжүүлж байна. Энэ нь ямар нэгэн албан хаагчийн оролцоогүйгээр хийх гүйцэтгэлийн ажил юм.
Мөн хангалтгүй бодит бус хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчид хариуцлага тооцох, ур чадварыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана.
-Татварын албанд хэрэгжүүлж буй ЭЗХАХБ-ын Хил хязгааргүй байцаагч хөтөлбөр, Засгийн газар хоорондын форумаас хэрэгжүүлж буй Deep Dive хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа өрнөж байна вэ?
-Монгол Улс 2017 онд татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэх талаарх ЭЗХАХБ/Их 20-ын санаачилгад нэгдэн орсон. 2018 онд хууль эрх зүйн зохицуулалтаа шинэчлэх, татварын нарийн төвөгтэй төлөвлөлт болон схемтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, татварын зорилгоор мэдээлэл солилцож (EOI), ил тод байдлыг хангах олон улсын стандартыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж “Глобал форум”-д элсэн орсон. Монгол Улсын Их Хурлаар баталсан 2019 оны Татварын багц хуулийн шинэчлэлд нэлээд шинэчлэл өөрчлөлтийг тусгасны нэг нь олон улсын татварын хууль эрх зүйн асуудал юм.
Энэ хүрээнд татварын хяналт шалгалтын чиг үүрэг бүхий татварын байцаагчдад ЭЗХАХБ-аас үнэ шилжилтийн цахим сургалтыг байнга зохион байгуулж байна. Энэ сургалтад тогтмол хамрагдсанаар үнэ шилжилтийн тухай ойлголт, олон улсын татварын харилцаа, нарийн төвөгтэй хяналт шалгалтыг хийх арга барил эзэмших бүрэн боломжтой юм.
Нарийн төвөгтэй хяналт шалгалтад ажил гүйлгээний мөн чанар, эдийн засгийн агуулга, хэрэгцээ шаардлага зэргээс хамааран зээлийн хүү, менежментийн төлбөр, бараа үйлчилгээний үнэ, нөхцөл нь сунгасан гарын зарчимд нийцүүлэн хийсэн эсэхийг шалгадаг. Хяналт шалгалтын явцад зөвхөн үнэ шилжилтийн асуудлаар зогсохгүй татвараас зайлсхийх, татварын схем ашигласан эсэх, татвараас зугтаах гэмт хэргийн шинж чанартай эрсдэлийг ч тодорхойлох шаардлага тулгарч байна.
Иймээс энэ онд татварын албаны хэмжээнд нарийн төвөгтэй хяналт шалгалтын үйл ажиллагаа хийх арга барилд албан хаагчдыг сургах, чадахуйн зарчимд суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, чадвар бүхий байцаагчдыг хяналт шалгалтын нэгжид ажиллуулах, дотоод гадаад хамтын ажиллагааг сайжруулах, татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжин туслах, сургалт, зөвлөгөө, арга зүйгээр хангах үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.