Байгаль орчин, мал амьтанд уран нөлөөлж байгаа эсэхийг шалгасан дүнг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-04-08 15:50:56

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах суманд өнгөрсөн сард ажилласан ажлын хэсгийнхэн уранаас үүдэлтэй байгаль орчны нөлөө байгаа эсэх дүгнэлтийг танилцууллаа.


ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар байгуулсан тус ажлын хэсэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Стандарт хэмжил зүйн газрын Цацрагийн хяналтын лаборатори, “Мон-Атом”ХХК болон орон нутгийн байгууллагуудын төлөөлөл багтаж, иргэдийн дунд яригдсаар байгаа асуудлыг тодруулах, нягтлан шалгах, дүгнэлт гаргах, олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор ажилласан байна.


Ажлын хэсгийнхэн хүн малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд цацрагийн сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тодруулах зорилгоор малчдын хаваржаа, малын хашаа, бэлчээр, гар худаг зэрэг цэгээс дээж авч шинжилгээнд хамруулахад зохистой хэмжээнээс хэтрээгүй буюу түүнээс бага агууламжтай гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал, Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн дутуу төрсөн ихэр ишигний ураг, мөн тус сумын 1 дүгээр багийн малчин Н.Батбаатарын ургийн гажигтай төрсөн хурганы дээжид хийсэн шинжилгээгээр цацраг идэвхт бодис илрээгүй аж.


Хэмжилт шинжилгээнүүдийн дүнгээс үзэхэд, тухайн бүс нутгийн хүн ам, мал амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэхуйц сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан гэж тус ажлын хэсгээс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ