Авто замын төслүүдэд хөрөнгө оруулж хамтран ажиллахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-09 09:18:01

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Арно Апприю, БНХАУ ба Монгол Улс хариуцсан төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкканен нарыг хүлээн авч уулзжээ.


Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лүн-Хархорин чиглэлийн дөрвөн эгнээ автозам, Замын-Үүд-Хөшигийн хөндий чиглэлийн босоо тэнхлэгийн замыг дөрвөн эгнээ авто зам болгох төслүүдийг танилцуулж, тэдгээрт хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг хүслээ. Тэрбээр “Тус зам нь манай улсын импортын ачаа тээврийн 78 хувийг эзэлдэг. Өдөрт 1000 машин Замын-Үүдээс Эрээн рүү гарч, эргээд тэр хэмжээний ачаатай орж ирдэг. ЗТЯ төсөв бүрдүүлэх боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй, хамгийн ачаалалтай замууддаа хөрөнгө оруулахыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, хойд, урд хоёр хөрш улсаа холбосон авто замаа дөрвөн эгнээ болгохоор төлөвлөж байна” гэв.


Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Арно Апприю “Бид Тэрбум мод” аян, ойн хөгжлийн төсөлд үнэлгээ хийхээр ирсэн. Энэ талаар Шадар сайд, бусад сайдтай уулзаж, дагуул хотуудын хөгжлийн тухай ярилцсан. Европын хөрөнгө оруулалтын банк нь тээврийн салбарт илүү анхаарч, тантай уулзаж байна. Манай багийнхан тээврийн салбарт ажиллаж байсан туршлагатай тул танайхаас тавьсан хоёр төслийг зээлийн шаардлагад нийцэж буй эсэхийг судална. Бидний нөхцөлд таарвал санамж бичигт гарын үсэг зурна” хэмээснийг ЗТЯ мэдээлжээ.


Ташрамд дурдахад, Европын холбооны Төлөөлөгчийн газраас Монгол Улс-Европын Холбооны Бизнес хөрөнгө оруулалтын форумыг 10 дугаар сарын 13-14-нд анх удаа зохион байгуулах бөгөөд үүнд БНХАУ, БНСУ, Япон Улсад үйл ажиллагаа явуулж буй Европын компаниудыг урин оролцуулах аж.

Холбоотой мэдээ