Улс төрийн намууд санхүүгээ цахимаар тайлагнадаг олон улсын туршлагаас хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-09 11:35:12

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нээлттэй засгийн түншлэлээс 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улс Ази тивээс анх удаа нэгдсэн.


Ингэснээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, намын санхүүжилтийг олон нийтийн хяналтад оруулахад олон улсын өмнө хариуцлага хүлээж байгаа гэсэн үг. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Нээлттэй засгийн түншлэл, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси Интэрнэшнл олон улсын байгууллага, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох олон улсын туршлага” семинарыг энэ сарын 8-9-нд зохион байгуулж буй.


Семинарын энэ сарын 8-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Латви, Армени, Англи зэрэг улсын туршлагаас хуваалцлаа. Тухайлбал, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын улс төрийн намын үндсэн багийн гишүүн, Латви улсын парламентын гишүүн асан Лолита Сиганэ улс төрийн намын санхүүжилтийг тайлагнах, цахим шийдлийн туршлагын талаар мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариуллаа. Латви улсад намын санхүүжилтийг тайлагнахад EDIS цахим систем ашигладаг. Тус систем нь төрийн байгууллагаас намуудтай харилцах гүүр болохоос гадна техникийн түвшний шийдэл нь улстөржих эрсдлээс сэргийлдэг. Мөн бүх оролцогчдод тохирох нэг хэмжээс ашиглахаас гадна өгөгдлийг хялбар боловсруулж, хянах боломж олгодог аж.


Санхүүгийн тайлангийн өгөгдөл оруулах систем нь мөнгөн, мөнгөн бус, бусад хандивыг оруулсан даруйд нийтэд мэдээлэх боломжтойгоос гадна орлого зарлага нь автоматаар бүртгэгдэж нэгтгэгддэг. Төрөөс олгосон санхүүжилтийг хэрхэн ашиглаж буйг системээр олон нийт хянах боломжтойг танилцууллаа. Тайлангийн систем дэх мэдээлэл нийтэд нээлттэй бөгөөд мэдээлэл авч дүн шинжилгээ хийх, хандивлагч өөрийн хандиваа хянадаг. Тухайлбал, хувийн эх үүсвэрээс орж ирсэн хандивыг бүтцийн хувьд хэмжээ, давтамж, идэвхтэй дэмжигч, тэдний ажилладаг салбар зэрэг үзүүлэлтээр тоймлодог. Мөн улс төрийн нам, хандивын ангилал, хандивлагчийн мэдээлэл, цаг хугацаа зэрэг сонголтоор хайлт хийх мэдээллийн сан бүрдүүлснийг танилцууллаа. Цахим системээс гадна тайлангийн аппликэйшн нэвтрүүлсэн нь өргөн хэрэглээтэй байдгийг дурдсан юм.

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, хянах боломж, сорилтын талаар Английн Бристолийн Их сургуулийн Улс төрийн тэнхимийн профессор, доктор Сэм Пауэр илтгэл хэлэлцүүллээ. Сонгууль эрхэлсэн байгууллагын нөөц, сонгууль зохион байгуулах цаг хугацаа хязгаарлагдмал тул хиймэл оюун ухаан ашиглах шаардлагатайг тэрбээр дурдаад, зөв ашиглаж чадвал олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм. Хиймэл оюун ухаан нь их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд хямд өртгөөр боловсруулах боломжтой. Хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр хяналт тавих, авлигаас сэргийлэх, авлигын эсрэг “Улаан туг” систем ашиглах боломж бүрдэхээс гадна нягтлан бодох туршлагыг стандартжуулах, мэдээлэл ил тод, нээлттэй болох зэрэг ач холбогдолтой. Нөгөө талаар хуулийн орчныг бүрдүүлэх, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, итгэлцлийг бүрдүүлэх зэрэг сорилт тулгардгийг ч тэрбээр танилцууллаа.

Уг семинар өнөөдөр цахим систем хэрэглэгчдийн шаардлага хэрэгцээг тодорхойлох бүлгүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Холбоотой мэдээ