"Тавантолгойн дулааны цахилгаан станц" төслийн талаар танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод Оюутолгой болон Тавантолгойн орд
газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн
цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор
Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар туссан.
Станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны зургадугаар сард зарласан боловч тендерт оролцогчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.
Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийг сонгон
шалгаруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд холбогдох хууль, эрх зүйн орчинд
өөрчлөлт оруулах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад
даалгалаа гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.