Хүний эрхийг хамгаалагч өмгөөлөгч болон сэтгүүлчийн ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-10 18:22:09

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. ХЭҮК-оос хүний эрхийг хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, хууль тогтоомж, олон улсын стандартад хэрхэн нийцүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэв.


“Монгол Улс Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд анх баталж, 2002 онд шинэчлэн найруулсан. Гэвч энэ харилцааг 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах болсноор Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон. УИХ-аас Өмгөөллийн тухай хуулийг 2019 онд дахин баталж эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байна.


ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчийн эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгааг хангахыг тодорхой зохицуулсан ч баталгааг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд тусгаагүй. Тус хуулийн 15.29 дүгээр зүйлээр “Өмгөөллийн тухай хууль зөрчих” заалт өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхээр заасан нь өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгах нөхцөл бүрдсэн гэж болно. Энэ нь НҮБ-ын “Хуульчдын гүйцэтгэх үүргийн талаарх үндсэн зарчмууд”-д заасан хуульч, өмгөөлөгчийн бие даасан байх зарчмыг алдагдуулж болзошгүй. Эрх зүйн маргаан шийдэхэд өмгөөлөгчийн оролцоог үгүйсгэх, хязгаарлах байдал гарсаар байгаа нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээх зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах талаарх төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээх үүргийг зөрчиж буй хэлбэр юм” гэлээ.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны бүртгэлд энэ оны байдлаар 3,097 өмгөөлөгч байгаагаас 2238 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт өмгөөлөгчийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй аж.


ХЭҮК, “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хамтран өнгөрсөн онд “Хүний  эрх хамгаалагч болох өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгаа хийж, 426 өмгөөлөгчөөс анкет асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн 7 удаагийн ярилцлагад 27 өмгөөлөгчийг хамруулжээ.


Хэвлэлийн хурлын үеэр Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал сэтгүүлчдийн эрхийн талаар мэдээлэхдээ, “Олон улсад статус, төрлөөсөө үл хамааран хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлч бүр хүний эрх хамгаалагч юм. Хэвлэлийн эрх чөлөөний байдал манай улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал, “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монголын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэсэн бол 2024 онд 51.34 оноогоор “муу” гэж дүгнүүлэн, 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан учир хэвлэлийн эрх чөлөө улам хумигдаж буй улс орны тоонд багтсан гэсэн үг хэмээлээ.


“Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны хүрээнд 424 сэтгүүлчээс асуулга авч, 5 удаагийн ганцаарчилсан, бүлгийн ярилцлагыг 10 сэтгүүлчийг оролцуулан хийхэд олонх нь улс төрийн хараат болон хуулийн байгууллагад шалгуулсан, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн хязгаарлалт, сэтгүүлчдийн эсрэг сэтгэл санааны дарамт, санхүүгийн хараат байдал тулгамдаж байна гэж хариулжээ.  Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 35 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтнуудаас дарамт ирдэг, 13.4 хувь нь ажил мэргэжилтэй холбоотой зөрчлийн хэрэгт шалгагдсан гэж. Тэдний 14.1 хувь нь нийслэлд, 8.3 хувь нь аймаг, орон нутагт сэтгүүлч мэргэжлээр ажилласныхаа төлөө зөрчлийн хэргээр шалгуулжээ.


Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд дээрх асуудлыг тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганаар илтгэлийг хэлэлцэж, арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоол батална гэдэгт найдаж байгааг ХЭҮК мэдээлэв. 


Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2020 оноос хойш жил бүр багассаар байна. Өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн салбарын 434 байгууллагад 4,378 хүн ажиллаж байв. Тэдний 28 хувь нь 30 хүртэлх, 38 хувь нь 30-40 хүртэлх насныхан байна. Энэ салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь сэтгүүл зүйн бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, редактор, тоймч бөгөөд тэдний тал хувь нь сэтгүүлч мэргэжилтэй аж. 

Холбоотой мэдээ