Газрын нэгдсэн бодлого, тогтолцоо эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-11 12:18:39

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэй “Газрын эрх зүйд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг орон даяар зохион байгуулж байна. 


Хэлэлцүүлэгт төр болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага, мэргэжлийн холбоодын 600 төлөөлөгч танхим болон цахимаар оролцлоо.

 

Хэлэлцүүлэг газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээ, хөдөө аж ахуйн газрын эрх зүйн өнөөгийн байдал, асуудал, хуулийн шинэчлэл болон тусгай хамгаалалтын газар, тусгай хэрэгцээний газрын эрх зүйн зохицуулалт, маргааныг захиргааны шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зэрэг сэдвийн хүрээнд болж байна.

 

Мөн БНСУ-ын газар болон үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн тогтолцоог Монголынхтой харьцуулсан судалгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм. УИХ-ын 2024 оны 181 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын талуудаас  санал авах зорилготой юм.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг төрийн албан хаагчийн мэргэжлийн ёс зүйг баримтлан, хурдан шуурхай, чанартай үзүүлэхээр төлөвлөсөн байна.


Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг бүх шатанд анхаарч ажиллах зорилгоор Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Иргэдээ сонсоё” аяныг орон даяар эхлүүлжээ.

 

Холбоотой мэдээ