Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэх хандлагатайг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэв.
Тэрбээр, "Улаанбурхан өвчний халдвар авсан 479 тохиолдол бүртгэгдэж, хавьтлын тоо 10 мянга даваад байна. Одоогоор эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байна. Ихэвчлэн 10-14 насныхан өвдөж байна. Нийслэлээс гадна Хэнтий, Дундговь, Төв, Баянхонгор, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн. Цаашид халдвар нэмэгдэх хандлагатай учир шинэ тохиолдол батлагдах бүрд цахимаар болон тухайн орон нутагт очиж эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Манай төвийн эмнэл зүй, дархлаажуулалтын албаны эмч нар, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байгаа" хэмээгээд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах уурхайд бүртэгдсэн хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Тус суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг 4 компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-нд илэрчээ. Одоогоор хоолны ходлогын 197 тохиолдол бүртгэгдсэнээс 150 гаруй хүн эмнэлэгт, 44 хүн гэрээр эмчлүүлж байна. Голдуу 20-48 насныхан бөгөөд гүйлгэх, халуурах, гэдэс базлах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байна. ХӨСҮТ-өөс 6 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг халдварын голомтод эрсдэлийн үнэлгээ хийх, шалтгаан нөхцөлийг тодруулж байгаа аж.